Бүгд Найрамдах Солонгос Улс (Republic of Korea) бөгөөд үүнийг товчлон Солонгос(Кория) гэж бас дууддаг
Өмнөд Солонгос нь Ази тивийн зүүн хойд зүгт байх Солонгосын хойгт оршдог бөгөөд нийт 100,188.1 км² газар нутагтай. Өмнөд Хойд Солонгос болон Солонгосын хойг орчмын арлууд нийлээд 221,000км² талбайтай бол Өмнөд Солонгос үүний 45%-тай тэнцэх газар нутагтай байна гэсэн үг юм. Солонгосын хойг нь Камбожаас (181,035км²) бага зэрэг том, Филиппин(300,000км²), Вьетнам(331,210км²), Японы (377,915км²) газар нутгийн 2/3-той тэнцэх хэмжээтэй. Солонгосын хойг нь баруун хойд талаараа Хятад улстай Амнуг голоор, зүүн хойд талаараа Хятад болон Орос улстай Түмань голоор хиллэдэг. Солонгос улс нь 3 тэнгисээр хүрээлэгдсэн бөгөөд баруун талд нь Шар тэнгис, зүүн талд нь Зүүн тэнгис, өмнө талд нь Өмнөд тэнгис оршдог. Солонгосын хойгийн өмнөд болон баруун хэсэг ерөнхийдөө тэгш хавтгай, харин зүүн болон хойд хэсэг нь уулархаг. Солонгосын хойгийн хамгийн өндөр уул бол Бэгдүуул(2,744м). Хойд хэсэгт орших Гэма өндөрлөгийг ‘Солонгосын дээвэр’ гэж нэрлэдэг бөгөөд, зүүн далайн эргийг даган сунайх Тэбэг нурууг Бэгдүгийн их нуруу гэдэг. Жэжү, Гожэ, Жин, Үллөн зэрэг алдартай арлууд бий. Жэжү болон Үллөн арал галт уулын дэлбэрэлтээс үүсэн тогтжээ. Шар тэнгис болон Өмнөд тэнгисийн хөвөө ээдрээ нугачаа ихтэй, татлага түрлэгийн зөрүү их байдаг. (Эх сурвалж: Газар нутаг, тээврийн яам )
Солонгосын үндэсний далбаа нь “Taegeukgi” бөгөөд цагаан дэвсгэр дээр арга, билгийн бэлгэдлийг төв хэсэгт, “Geon,” “Gon,” “Gam,” and “Li” (хар хаалт) –г дөрвөн буланд нь хамт залсан байдаг. Цагаан дэвсгэр нь цагаан цайлган, цэвэр тунгалаг буюу Солонгосчуудын уламжлалт хайр, энх тайванг эрхэмлэх байдлыг илтгэдэг. Далбааны төв хэсэгт байх арга (цэнхэр), билэг (улаан)-ийн бэлгэдэл нь эдгээрийн зохицол нийцлийг илтгэх ба орчлон хорвоо дээрх бүхий л зүйлс нь арга, билгийн зохилдлогын дүнд үүсэн бүрэлдсэн гэсэн үнэн санааг харуулдаг.
Арга, билгийн дүрслэлийн дөрвөн талд байрлах 4 бэлгэдэл нь арга, билиг өөрчлөгдөж, нэгэнтэйгээ харилцаж буйг илтгэнэ.
Эдгээр 4 бэлгэдэл нь төвдөө байх арга, билэгтэйгээ цаг ямагт нийцэж оршино. Эдгээр далбааны бэлгэдэл нь Солонгосын бүтээн, хөгжүүлэхийн зэрэгцээ орчлон ертөнцтэйгээ нэгэн дор байх тэмүүллийг тусгасан юм. (Эх сурвалж: Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам)
Эрт дээр үеэс ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн “Мүгүнхуа” цэцэг Солонгос улсыг бэлгэддэг бөгөөд "өнө мөнхөд дэлгэрч байдаг, хэзээ ч хагдардаггүй цэцэг" гэсэн утгыг илэрхийлдэг. Эртний түүхийн сурвалж бичигт солонгос хүмүүс тэртээ Гужусоны үеэс Мүгүнхуа цэцгийг тэнгэрийн цэцэг гэж үздэг байсан тухай, Шиллачууд өөрийн улсыг “Гөнхуахян” буюу “Мүгүнхуа улс” гэж нэрлэдэг байсан тухай бичиж үлдээсэн байдаг. Мөн Хятадад Солонгос улсыг дээр үеэс “Мүгүнхуа цэцэг дэлгэрч хагдардаг оюун билэгтний улс” гэж магтан дуулдаг байв. Мүгүнхуа цэцэг энэ мэтээр хэдэн зуун жилийн турш ард түмэнтэй байсаар Жусонь улсын сүүл үе хүртэл ирсэн бөгөөд Солонгосын төрийн дуулалд "Мүгүнхуа цэцэг дэлгэрсэн үзэсгэлэнт уул нурууд, ус гол минь" гэсэн мөрийг нэмснээр энэ цэцэгт солонгосын ард түмэн улам хайртай болжээ. ард түмэн Японд эзлэгдэн дарлагдаж байхдаа ч энэ цэцгээ хайрлан дээдэлсээр байсан юм. Японы дарлалаас чөлөөлөгдсөний дараа Мүгүнхуа цэцэг улсын албан ёсны цэцэг болсон билээ. Мүгүнхуа цэцгийн шинжлэх ухааны нэр нь Hibiscus syriacus L. бөгөөд Египтын Hibis охин тэнгэртэй адилхан үзэсгэлэнт цэцэг гэсэн утгатай. Уг цэцгийг англиар Rose of Sharon гэж нэрлэдэг ба бурханд ерөөгдсөн газраас ургасан сарнай мэт үзэсгэлэнтэй цэцэг гэсэн утгатай юм. Мүгүнхуа Солонгос, Хятадын төв хэсэг, Энэтхэгийн хойд хэсэг, Япон зэрэг газар тархан ургадаг. Намар навчаа гөвдөг навчит модны аймгийн уг ургамал 3~4 метр хүртэл өндөр ургадаг, хагас дугуй хэлбэртэй. Жил бүр 7-10 сарын хооронд цэцэглэдэг бөгөөд цэцэг нь маш гоёмсог олон өнгө хэлбэртэй. Үүрээр дэлбээлж оройд хагдардаг уг цэцэг 100 өдрийн турш шинээр цэцгэлдэг(Эх сурвалж : Төрийн захиргаа, Аюулгүй байдлын яам).
Эдүгээ эгшиглэж буй төрийн дууллын үгийг 1907 онд харийн түрэмгийллийн хямралыг даван туулах үед эх оронч үзэл, эх орон, үнэнч байдал, тусгаар тогтнолоо хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилгоор бүтээжээ. 1948 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрыг байгуулсны дараа төрийн албан ёсны арга хэмжээнүүдэд 1935 онд Ан Еак-тэгийн зохиосон төрийн дууллыг одоогийн үгтэйгээр эгшиглүүлж байв.
Дараа нь бүх шатны сургуулийн сурах бичигт орсон учраас орон даяар дуулагдаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл манай ард түмэн энэ дууг манай улсын төрийн дуулал болгон дуулж, дэлхийн улс орнуудад БНСУ-ын төрийн дуулал хэмээн таниулсан.
Солонгос улсын нийт хүн ам нь 51,779,203 (Солонгосын статистикийн Хүн ам орон сууцны тооллого 2019) бөгөөд дэлхийн хамгийн их хүн амтай 28 дахь улс юм. Хүн амын нягтаршлын хувьд нэг км хавтгай дөрвөлжин тутамд 515 хүн ногдож байгаа (Газар, дэд бүтэц, тээврийн яам оюуны статистикийн жилийн эмхэтгэл, Солонгосын хүн амын ирээдүйн статистик тооцоолол) нь дэлхийд 23-т орох үзүүлэлт байна.
Өмнөд Солонгосын ДНБ 1.81 их наяд ам.долларт хүрснээр дэлхийд 10-т жагсаж байгаа ба нэг хүнд ногдох ДНБ 34,983.70 ам.доллар байна (2021 оны байдлаар. Солонгос Улсын Банк).
Өмнөд Солонгос Улс Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд засгийн газрын тэргүүний хувьд Ерөнхийлөгч нь бүх захиргааны төв байгууллагын дарга нарыг хууль тогтоомжийн дагуу удирдаж, хянадаг. Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн тушаалын дагуу төрийн захиргааны төв байгууллага бүрийн дарга нарыг удирдаж, хянадаг. Доорх зохион байгуулалтын бүдүүвчээс харахад Солонгосын төрийн аппарат нь 19 тамгын газар, 3 яам, 20 газар, зургаан хорооноос бүрддэг. (2024 оны 6-р сарын 27-ны байдлаар) Эдгээрээс захиргааны 19 тамгын газар дараах ажлыг хариуцдаг.
Солонгос нь 17 хотын зөвлөл болон 226 дүүргийн зөвлөлд хуваагддаг. Хотын засаг захиргааны зөвлөл нь дотроо 1 тусгай болон 6 метрополитан хот, 1 өөртөө засах тусгай эрхтэй хот, 6 аймаг болон 3 өөртөө засах тусгай эрхтэй аймгаас бүрдэнэ.
Орон нутгийн засаг захиргааны нэгж нь 75 хот, 82 муж, 69 өөртөө засах эрхтэй дүүргээс бүрддэг ба 2023 оны 12 сарын 31-ний байдлаар орон нутгийн засаг захиргаа бүр нь 3491 дэд дүүрэгтэй байна.
Нийслэл хот | Томоохон хот | Өөрөө удирдах тусгай хот | Аймаг | Өөрөө удирдах тусгай |
---|---|---|---|---|
1. Сөүл | 2. Бүсань хот 3. Дэгү хот 4. Инчонь хот 5. Гуанжү хот 6. Дэжонь хот 7. Үлсань хот | 8. Сэжун өөрөө удирдах тусгай хот | 9. Гёнги аймаг 10. Хойд Чүнчонь аймаг 11. Өмнөд Чүнчонь аймаг 12. Өмнөд Жолла аймаг 13. Хойд Гёнсан аймаг 14. Өмнөд Гёнсан аймаг | 15. Гангвон өөрөө засаглах тусгай муж 16. Жонбүк өөрөө засаглах тусгай муж 17. Жэжү өөрөө удирдах тусгай аймаг |